info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856

ХХОАТ-ын талаар зөвлөмж, зааварчилгаа

              Нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардлыг олгохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 509 дугаар тушаалаар батлагдсан “Хувь хүнд олгосон орлогоос суутгал хийн төсөвт шилжүүлэх заавар”-ыг мөрдөж хэрэгжүүлж ажиллах ёстой.

Төрийн байгууллагуудын хувьд хуулиар тогтоосоноос бусад байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилчдад байгууллагын удирдлагын тушаалаар олгож буй нэг удаагийн тэтгэмж урамшууллаас татвар суутгахгүй байх зөрчил нийтлэг гаргаж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11.1.1-ээс 11.1.6, 12.2, 13.1.2-13.1.4, 15.1 –д заасан заалтуудын хүрээнд, ТЕГ-ын даргын 2013 оны 509 дүгээр тушаалаар баталсан зааврын дагуу албан хаагчдад олгосон тэтгэмж урамшууллын нөхөн олговороос албан татварыг хуулийн хугацаанд ногдуулж, суутгасан татварыг холбогдох төсөвт төвлөрүүлэх ёстой. Тухайлбал:

       1. Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал, тэтгэмж урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татварыг дараахь байдлаар ноогдуулна:

1.1 “Ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого”-д  албан татвар ноогдуулахдаа ХХОАТ-н тухай хуулийн 16-р зүйлийн 16,1-д заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр”-аас бусад буюу тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу олгогдсон тэтгэмжээс 10% -иар албан татвар ногдуулна.

Жишээ: “Сант” сургуулийн багш “Н”-ийн ар гэрт гачигдал гарсантай холбогдуулан түүний ажлын газрынхан тэтгэмж болгон 300,0мянган төгрөгийг захирлын тушаалаар 2012.05.12-нд олгожээ. “Сант” сургуулийн захиргаанаас олгож буй 300,0 мянган төгрөгийн тэтгэмж нь иргэн “Н”-д ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлд олгож байгаа тэтгэмжийн орлого болох тул сургуулийн санхүү 30,0 мянган төгрөгийн албан татварыг суутган авч 6 дугаар сарын 10 ны дотор харъяа татварын албанд шилжүүлнэ.

1.2  “Ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг”-т мөнгөн аяга, зурагт, хөргөгч гэх мэт биет хөрөнгөөр өгсөн зүйлүүд хамаарна. Бэлэг дурсгалын зүйлд албан татвар ноогдуулахдаа тухайн эд зүйлийн зах зээлийн үнийн дүнгээс 10%-иар албан татвар тооцож ажилтнаас суутган төсөвт төвлөрүүлнэ.

Жишээ: “Хас” ХХК-ийн ажилтан “О” Улсын баяр наадмаар “Алтан гадас” одонгоор шагнуулсан тул компанийн захирлын тушаалаар “О”-д 250,0 мянган төгрөгийн бэлэг дурсгал авч өгөхөөр болсон. Энэ тохиолдолд компанийн санхүү нь ажилтны бэлгийн орлогоос 25,0 мянган төгрөгийн албан татвар суутган дараа сарын 10-ны дотор харъяа татварын албанд шилжүүлнэ.

1.3  “Төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого”- д албан татварыг ногдуулахдаа үндсэн ажлын газраас олгож байгаа цалин болон ТУЗөвлөлөөс олгож байгаа цалинг тусад нь тооцно.

Жишээ:   “Их өргөө” ХХК-ийн захирал “Г” тухайн компанийн ТУЗ-н гишүүнээр ажилладаг. “Г”-д үндсэн ажлын газраас хөдөлмөр эрхлэлтийн орлогод 1500,0 мянган төгрөг, ТУЗ-ийн гишүүний цалинд 300,0 мянган төгрөг олгодог бол “Г”-ийн орлогоос албан татварыг суутгахдаа тус тусад нь тооцно. ТУЗ-ийн цалин 500,0 мянган төгрөгөөс албан татвар 50,0 мянган төгрөг суутган сард 7,0 мянган төгрөгийн татварыг хуульд заасны дагуу чөлөөлж харъяа татварын албанд 43,0 мянган төгрөгийг сар бүр шилжүүлж, “Иргэний орлогын татварын дэвтэр”-т тэмдэглэл хийж баталгаажуулна.

2.   Тогтмол бус үйл ажиллагааны орлогод албан татварыг дараахь байдлаар ногдуулна:

2.1  “Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлого”-д бараа материал нийлүүлэгч иргэн тухайн байгууллагатай гэрээ байгуулаагүй, зөвхөн нэг, хоёр удаагийн бараа нийлүүлэлтээр олсон орлогоос суутгагч тухай бүр 10 хувийн албан татвар ногдуулан дараа сарын 10-ны дотор харъяа дүүргийн татварын албанд шилжүүлнэ.

Улсын дээд шүүхээс “Тогтмол бус үйл ажиллагааны  орлого” гэдэгт тухайн хувь хүний хууль буюу гэрээгээр эрхлэх албан үүрэгтэй нь холбоогүй, орлогын тогтмол эх үүсвэр болдоггүй ажил, үйлчилгээг хамааруулна гэж тайлбарласан.

Жишээ: Иргэн “Б” нэг байгууллагад тогтмол цалинтай ажил эрхэлдэг бөгөөд 2012 онд нэг удаа “Мононс” ХХК-д 3.0 сая төгрөгийн бараа нийлүүлсэн тул “Монос” ХХК “Б”-ээс 3.0 сая төгрөгийн албан татвар 300.0 мянган төгрөгийг ногдуулан суутгасан татварыг харъяа дүүргийн татварн албаны дансанд дараа сарын 10-ны дотор шилжүүлж иргэн “Б”ийн “Иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр”-т тэмдэглэл хийж баталгаажуулж өгнө.

Харин иргэн тухайн байгууллагатай гэрээ байгуулсаны үндсэн дээр бараа материал нийлүүлж байгаа тохиолдолд үйл ажиллагааны орлогоор өөрөө тайлагнаж, төлөх үүргийг хүлээнэ.

Жишээ: иргэн “Ц” “Номин” ХХК-тай гэрээ байгуулсаны үндсэн дээр сар бүр 5.0 сая төгрөгийн бараа нийлүүлдэг байна. Иргэн “Ц”-ийн улирлын татвар ногдуулах орлого 15,0 сая төгрөгөөс /замын зардал, бараа худалдан авах болон ачиж, буулгахтай холбогдон гарсан зардал, хугацаандаа төлсөн зээлийн хүү гэх мэт хуульд заасан баримтаар нотлогдох зардлыг хасаад/ 8,0 сая төгрөгийн татвар ногдуулах орлогоос 10 хувиар албан татвар тооцон 800,0 мянган төгрөгийн татварыг улирлын дараа сарын 15-ны дотор харъяа татварын албанд төлнө.

3.   Шууд бус орлогод албан татварыг дараахь байдлаар ногдуулна.

Хуулийн 15 дугаар зүйлд заасан “шууд бус орлого”-ын дүнд 10%-ийн албан татвар ногдуулна. Шууд бус орлогод албан татвар ногдуулахдаа орлогын дүнгээр тодорхолно.

3.1   “Үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгсэлээр үйлчилсэн, түүнчлэн бэлнээр олгосон унааны мөнгө” гэдэгт тухайн байгууллага ажиллагсадаа ажилд нь өглөө, оройд унаагаар тээвэрлэдэг бол шууд бус орлогыг шатах тослох материалын зардлын дүнгээр тооцно. Шатах тослох материалын зардлын дүнгээс 10 хувиар албан татвар суутгана.

3.2   Аж ахуйн нэгж байгууллага ажиллагсаддаа бэлнээр унаа хоолны мөнгө олгосон тохиолдолд орлогын дүнд нь 10 хувийн албан татвар ногдуулна. Хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасны дагуу ажил олгогч ажиллагсаддаа цайны газар, кафед нэгдсэн журмаар хооллодог бол хоолны үнэнд албан татвар ногдуулахгүй. Харин ажил олгогч хоолны үнийн тодорхой хувийг төлж, ажилтан тодорхой хувийг өөрөө төлдөг тохиолдолд ажилтаны цалин дээр нэмж олгож байгаа хоолны мөнгөнд 10 хувийн албан татвар ногдуулна.

Жишээ:   Ажил олгогч ажилтанд 3000 төгрөгийн хоолны талон өгдөг бөгөөд ажил олгогч 2000 төгрөгийг төлж, ажил олгогчоос ажилтны цалин дээр 1000 төгрөг нэмж олгодог бол 1000 төгрөгөөс 100 төгрөгийн албан татвар тооцно.

3.3   “Орон сууцны ашиглалтын зардлын төлбөр, бэлнээр олгосон байрны хөлс, түлшний зардал”-д олгосон шууд бус орлогоос 10 хувийн албан татвар ногдуулна.

Жишээ:   Ажилтныхаа орон сууцны ашиглалтын зардал / цахилгаан, дулаан/-ыг ажил олгогчоос төлж байгаа эсвэл байгууллага нь тухайн ажилтандаа байрны мөнгийг бэлнээр олгосон төлбөр болон мөнгөний дүнд 10 хувийн албан татвар ногдуулна.

3.4   “Үзвэр үйлчилгээний олговор” гэдэгт ажил олгогч ажиллагсаддаа үзвэр үйлчилгээний билет олгосон тохиолдолд үнийн дүнгээс 10 хувийн албан татвар ногдуулна.

3.5   “Ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгийн болон бусад үйлчилгээ үзүүлсэний зардал”-д ажил олгогч өөрийн компанийн өндөр зэрэглэлийн мэргэжилтэнтэйгээ Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тус мэргэжилтэнд үндсэн цалингаас гадна тусгайлан тээврийн хэрэгсэл эзэмшүүлэх, ар гэрт нь тусгайлан үйлчилгээ үзүүлэх, байгууллагаас тухайн ажилтаны хувийн хэрэгцээнд зарцуулсан зардлын дүнд 10 хувийн албан татвар ногдуулна.