info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД БАТЛАГДСАН ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН БИЕЛЭЛТЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙН ТАЙЛАН

             Сарын аяны хүрээнд бид байгууллагуудын төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийхдээ зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж илэрсэн зөрчлийг арилгуулах заавар өгч, цаашид анхаарах асуудлын талаар урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгөхөд анхаарч ажиллаа. Ажлын хэсгийн хийсэн хяналт үнэлгээний дүнгээс үзэхэд дараах зөрчил дутагдал нийтлэг илэрч байна.
 
·        Албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах ажлын төлөвлөгөө боловсруулан баталж хэрэгжүүлсэн байгууллагууд ховор байна. Төсвийн шууд захирагч нар үүнд ач холбогдол өгөхгүй байна.
 
·        Байгууллагы бүтэц орон тоог дээд шатны удирдлагын шийдвэрээр батлуулаагүй зөрчил нийтлэг байна. Үүнд: Тусгай шилжүүлэгийн Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагууд хамаарч байна.
 
·        Цалин хөлс, нийгмийн хамгааллын зардлын өр төлбөр үүссэн байна. СӨБ-ийн байгууллагуудад цалингийн өр төлбөр үүссэн шалтгаан нь багшийн илүү цагийг өдөрт 2 цагаар тооцон олгож байгаа боловч төсөвт 1 цагаар тооцон санхүүжилт олгосон нь өр үүсэх үндсэн шалтгаан болсон байна. Мөн боловсролын байгууллагуудад түлш халаалт, цахилгаан, усны өр төлбөр үүссэн бөгөөд энэ нь төсвийн хувиарлалтыг бүх саруудад тэнцүү хувиарласан байдлаас шалтгаалан үүссэн бөгөөд халаалт зогссон сард өр төлбөрийг барагдуулах боломжтой байна. Цаашид төсвийн санхүүжилтийн хуваарыг бодит хэрэгцээгээр нь хувиарлаж батлаж өгөх шаардлагатай байна.
 
·        Автомашины шатахууны зардлын зарцуулалтыг Засгийн газрын 2015 оны 184-р тогтоолоор баталсан журмыг баримтлан авто машины марк, хөдөлгүүрийн багтаамж, шатахуун зарцуулах норм, албан тушаалын болон албан ажлын авто машины нэг өдөр явах дундаж км-ийг ажлын хоногоор тооцон зарцуулах ёстой шатахууны хэмжээг гарган бодитоор зарцуулсан шатахууны зардлыг анхан шатны баримтыг үндэслэн тулган шалгаж үзэхэд орон нутгийн төсвийн буюу нутгийн захиргааны байгууллагууд ажлын нэг өдөрт 40 км  явах нормыг хэтрүүлэн шатахуун зардлыг илүү зарцуулсан зөрчил илэрч байна. Энэ нь албан даалгаврын 1.10 дахь заалттай зөрчилдөж байна. Мөн албан даалгаварт заасан төв суурин газарт шатахуун бага зарцуулдаг автомашин хэрэглэх, албан ажлын дуудлагын автомашин хэрэглэх журам баталж мөрдүүлэх талаар санаачилга гаргасан ажил хийгдээгүй байна. Цаашид тухайн байгууллагад ашиглагдаж байгаа автомашины шатахуун зарцуулалтын норм, ажлын нэг өдөр явах км-ын хэмжээг үндэслэн жилийн шатахууны зардлыг төсөвлөж батлах нь зөрчлийг арилгах чухал арга хэмжээ болохоор байна.
 
·        Төрийн байгууллагуудын батлагдсан төсөвт гадаад томилолтын зардал батлагдаагүй, дотоод томилолтын зардлын зарцуулалтын анхан шатны баримтын бүрдлийг шалгахад томилолтоор ажилласан хоногийг тооцохдоо ирсэн, явсан хоногийг нэг өдөрт тооцож хасалт хийлгүй томилолтын зардлыг илүү олгодог, хот хоорондын такси үнэ тарифаар унааны зардал олгосон, зорчигчийн тасалбарыг гараар бичсэн хүчин төгөлдөр бус байх магадлалтай баримтаар зардал олгосон зэрэг Засгийн газрын 1995 оны 218-р тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдад нөхөн төлбөр олгох журам”-ыг зөрчсөн зөрчил илэрч байна. Төсвийн хэмнэлтийн бодлогыг баримтлаж байгаа үед төрийн албан хаагчид нийтийн тээврийн автобусаар зорчиж зардлыг бууруулахад хувь нэмэрээ оруулах хэрэгтэй байна. АЗДТГ, ОНӨГ, ГХБХБГ зэрэг байгууллагын албан хаагчид хот хоорондын таксийн тасалбар буюу нэг талдаа 25.0 мянган төгрөгөөр унааны зардал гаргасан байгааг цаашид анхаарах шаардлагтай байна.
 
·        Аймгийн Засаг даргын албан даалгаварт тусгасан уралдаан тэмцээн зохион байгуулах, баяр ёслол тэмдэглэх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, ивээн тэтгэх үйл ажиллагаа явуулахгүй байх үүргийн хэрэгжилтийг шалгахад: Мөн л орон нутгийн төсвийн нутгийн захиргааны байгууллагууд баяр наадам уралдаан тэмцээнд төсвөөс хөрөнгө зарцуулсан зөрчил илэрч байна.
 
     Эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээний бодлого, шийдвэрийг нутгийн удирдлагын байгууллагаас гарсан боловч зарим байгууллага, албан тушаалтны хариуцлагагүй байдлаас шалтгаалан хэрэгжиж эхлээгүй байна. Үүнийг тодруулбал: Оны эхэнд эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг аймгийн ИТХ-аас баталж түүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг аймгийн Засаг дарга батлан хэрэгжүүлэх чиглэл өгсөн. Манай АЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс СХАА болон Татварын хэлтэстэй хамтран хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөний саналыг гаргаж аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлсэн боловч өнөөг хүртэл нарийвчилсан төлөвлөгөө гараагүй, батлагдаагүй байгааг холбогдох албан тушаалтан анхаарч ажил хэрэг болгох шаардлагатай байна.
 
Нөгөө талаар хурлын болон аймгийн удирдлагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ тавих эрх үүрэг бүхий АЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсээс эдийн засгийн хүндрэлийг даван туулах ИТХ-ын тогтоол, төсвийн хэмнэлтийн бодлого баримтлан ажиллах Засаг даргын 2016 оны 03 тоот албан даалгаврыг хяналтандаа аваагүй, түүний биелэлтийг 2016 оны эцсээр хянаж үнэлгээ хийгээгүй байна. Энэ нь аймгийн удирдлагын гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах гол хөшүүрэг ажиллахгүй байгааг харуулж байна.