info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН “ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

 Сангийн сайдын баталсан  удирдамжийн  дагуу  Орхон  аймгийн  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн 2016 оны төсөв,  санхүүгийн  үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг 2017 оны 3 дугаар сарын 6-ны  өдрөөс  ажлын 20 хоногт багтаан Санхүүгийн  хяналт  шалгалтын  улсын  ахлах байцаагч  Ц.Алтанхуяг, дотоод аудитор Ч.Энхтуяа  нар хамтран хийж  гүйцэтгэлээ.

 

ХЭДСангийн шалгалтанд  хамрагдсан  хугацааны  санхүүгийн  баримтанд   1-р гарын  үсгийг эхний 2 сард дарга П.Түвшинжаргал, 3-р сарын 1-ээс он дуустал Э.Содномжамц,  2-р  гарын  үсгийг нягтлан бодогч  О.Саранчимэг  нар  гарын  үсэг  зурж  төсөвт  хөрөнгийг  захиран  зарцуулж, төрийн сан банкинд  210037010  тоот харилцах дансаар орлого, зарлагын гүйлгээ хийж ирсэн байна.

Төсвийн тухай хуулийн 12.1.6-д заасан “Санхүү, төсвийн асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөгчийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавих”, 12.1.16-д заасан “Санхүү, төсвийн асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллага нь төсвийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэсэн заалтыг үндэслэн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиуд болон бусад хууль эрх зүйн актуудын хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор санхүү, аж ахуйн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, анхан шатны баримтын бүрдэл,  харилцах, кассаас зарцуулсан мөнгөн хөрөнгийн баримтын бүрдэлт, хууль эрхзүйн үндэслэл, зарцуулалт, үр дүн, тайлан гаргалт, төсвийн санхүүжилт, зээлийн эргэн төлөлтийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр арга хэмжээний зардлыг санхүүгийн тайлан үнэн зөв тайлагнасан байдал, сангийн үндсэн болон эргэлтийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, гадны  байгууллагатай  байгуулсан  гэрээ,  түүний  хэрэгжилт, үр дүн, өглөг авлагын тооцоо, түүнийг бүртгэлд үнэн зөв тусгасан эсэх, өр авлагын барагдуулалт  зэрэг  үйл  ажиллагааг  хамруулан  шалгалаа.

Тус газар нь 1997 оны 3 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын 131 дүгээр захирамжаар Нийгмийн халамж асрамж үйлчилгээний төвийг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс болгон өөрчилж, хэлтсийн дүрэм, бүтэц, орон тоог баталж анх байгуулагдсан байна.  

            Тус сан 2016 онд улсын төсвөөс 838,164.0 мянган төгрөгийн санхүүжилтийн төсөв батлагдаж, гүйцэтгэлээр улсын төсвөөс 583.0 сая төгрөг, сангийн 2015 оны эцсийн үлдэгдэл 33,887.0 мянган төгрөгийг улсын ХЭДСанд төвлөрүүлсэнээ оны эхэнд буцаан авч нийт 616,887.0 мянган төгрөгийн санхүүжилтийн орлоготой ажилласан байна. 

 

             Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2016 онд зохион байгуулсан хөтөлбөр арга хэмжээнүүдээс санхүүжилтийн хэмжээ, хамрагдсан иргэдийн тоог үндэслэн 5 хөтөлбөрийн 7 арга хэмжээг сонгон авч  хөтөлбөр арга хэмжээний төлөвлөлт, зарцуулалт, санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл, түүний гүйцэтгэлийн үр дүнг үнэлэн хяналт шалгалтыг гүйцэтгэсэн.

 

1."Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд:

Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний зарцуулалтын үр дүн:

Уг арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөр, удирдамжийн дагуу санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан аж ахуй бичил бизнес эрхлэгч 403 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 145 нийт 548  иргэний өргөдөл материал хүлээн авч ажлын хэсэг байгуулан иргэдийн үйл ажиллагааг шалган 156 төслийг сонгон шалгаруулж 172,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна.

Аж ахуй эрхлэх сургалтын арга хэмжээний зарцуулалтын үр дүн:

“Оюуны язгуур” ТББ сургалтын төвтэй хамтран “Бизнесээ хөгжүүл” сургалтанд Санхүүгийн дэмжлэгт хамрагдсан  хувиараа хөдөлмөр эрхлэгч 90 иргэн, ХБ-тэй 45 иргэн, МСҮТөвийг шинээр төгсөгч 16 төгсөгчийг 6 модульт “Бизнесээ хөгжүүл” 5 хоногийн сургалтанд хамруулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 4,530.0 мянган төгрөгийг зарцуулсан байна.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох,зөвлөх үйлчилгээг дэмжих сургалтын арга хэмжээний зарцуулалтын үр дүн:

Ажилгүй иргэдэд зориулсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд 914 хүн хамруулан 8,710.0 мянган төгрөг, ЕБС-ийн 420 сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулахад 5,040.0 мянган төгрөгийн зардал гаргасан байна.

 

Борлуулалтын болон ажлын байрны дэмжлэг үзүүлэх арга хэмжээний зарцуулалтын үр дүн:  Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа борлуулалтанд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Худалдааны гудамжинд байрлах “ТТ” худалдааны төв, Говил багийн “ЭЭЖ” төв, Хорооллын эцсийн “Наран” багт тус тус “Эрдэнэтэд үйлдвэрлэгчдийн дэлгүүр”-ийг нээн ажиллуулж 3 цэгт  46 иргэний үйлдвэрлэсэн 7 нэр төрлийн 60 гаруй бараа бүтээгдэхүүнийг борлуулж 3.8 сая төгрөгийн боруулалт хийсэн гэсэн тайлан гаргасан байна.

2."Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд

Ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд: 2015 онд гэрээ байгуулсан 7 иргэнийг ажлын байраар хангасан 6 ажил олгогчид 16.1 сая төгрөгийн урамшуулал олгож, 2016 онд шинээр 14 иргэнийг ажлын байраар хангасан 11 ажил олгогчтой гэрээ байгуулсан байна. Ажил олгогчийг дэмжих арга хэмжээний санхүүгийн дэмжлэг авахад бүрдүүлэх ёстой баримт бичгийг бүрдэл зохих түвшинд бүрдүүлж, дотоод хяналтын ажилтнаар шалгуулж, дүгнэлт гаргуулан санхүүжилтийг олгосон байна.

 

3."Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд:

Санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд:  МСҮТ-ийг төгссөн 3 бүлгийн 15 төгсөгчид барилгын цахилгаан, хүлэмжийн аж ахуй, гоо сайханы чиглэлээр үйл ажиллагаа явуулахад 29.5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж үйл ажиллагааг эхлүүлсэн, 2015 онд үүссэн 10 бүлэгт 9.0 сая төгрөгийн түрээсийн хөнгөлөлт олгосон байна.

 

 

4.“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”- ийн хүрээн:

Малчин өрхийг малжуулах арга хэмжээний зарцуулалтын үр дүн:  Баян-өндөр, Жаргалант  сумын 21 залуу малчин өрхөд 557 толгой хонь-246, ямаа-159, адуу-3, үхэр 149 толгой малыг худалдан авч 88,7 сая төгрөг зарцуулсан байна. 

5.Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд:

Хөтөлбөрийн хүрээнд нийт 27 байгууллагын 35 төслийг судлан зохион байгуулж, бүртгэлтэй ажилгүй 1113 иргэнийг хамруулж иргэдийн цалин хөлс, хөдөлмөр хамгааллын зардалд ХЭДС-с нийт 123,4 сая төгрөгийг зарцуулж Баян-Өндөр сумын 19 баг, Жаргалант сумын  ЗДТГ, “Сум дундын ойн анги”,  төрийн бус 5 байгууллагууд хамрагдан хур хог хаягдлыг цэвэрлэх зайлуулах, үерийн далан цэвэрлэх, мод тарих хамгаалах, ойн цэвэрлэгээ хийх, ойжуулалт хийх, нийтийн эзэмшлийн талбайг засварлах, тохижуулах ажлыг гүйцэтгэсэн байна.  Тайланд онд нийтийг хамарсан ажилд 500 иргэн, 132.0 сая төгрөгийг зарцуулах төсөв батлагдаж, гүйцэтгэлээр 1113 иргэнийг хамруулан 123.4 сая төгрөг зарцуулсан байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалтай холбогдуулан дараах зөвлөмжүүдийг өгч ажилласан.

·         Зөвлөмж-1: ХЭДСангийн хөрөнгийг захиран зарцуулахдаа уг хөтөлбөр арга хэмжээнд батлагдсан төсвийн хэмжээ 10.0 сая төгрөгөөс дээш тохиолдолд худалдан авах үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлаж зохион байгуулах, тухайн хөтөлбөр арга хэмжээний батлагдсан төсвийн хэмжээг үндэслэн худалдан авах ажиллагааны аргыг зөв сонгох, тендерийн баримт бичгийг Сангийн Сангийн сайдын 2013 оны 125-р тушаалаар батлагдсан “Үнийн санал авах жишиг баримт бичиг”-ийн дагуу боловсруулж байх, хуулийн 47.6-д заасан “Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна” гэсэн заалтын дагуу худалдан авах ажиллагаагаар мэргэшсэн ажилтанг үнэлгээний хороонд томилох, тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн үнийн санал, баримт бичгийг Сангийн сайдын 2012 оны 194-р тушаалаар батлагдсан Тендерийн үнэлгээний заавар-ийн дагуу үнэлж дүгнэн шалгаруулж байх.

·         Зөвлөмж-2: Засгийн газрын 2011 оны 375-р тогтоолоор баталсан “ХЭДСангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 4.1 дэх заалтын хүрээнд сангийн орлого зарлагын дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 7-р сарын 1-ны дотор боловсруулж, дээд шатны байгууллагад хүргүүлж байх.

·         Зөвлөмж-3: Санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрт хамрагдсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдээс төлөх зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу орлогын төлөвлөгөө баталж хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх.

·         Зөвлөмж-4: Санхүүгийн дэмжлэгт хамрагдах аж ахуй эрхлэгч болон хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэнд ногдох  төсвийн хэмжээг хэтрүүлэхгүйгээр дэмжлэгийг олгох, санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөр, удирдамжид заасан хугацаа, санхүүжилтийн хувь хэмжээг баримтлан санхүүгийн дэмжлэгийг олгох хуваарийг /хавар, намар/ баталж, мөрдөн ажиллах, иргэдээс удирдамжид заагдаагүй баримт бичиг шаардахгүй байх, зорилтод бүлгийн хорихоос суллагдсан иргэнийг хамруулсан гэдгийг нотлох баримтыг бүрдүүлж хэвших.

·         Зөвлөмж-5: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний аливаа сургалтыг гадны байгууллагаар гүйцэтгүүлэх тохиолдолд зардлын жишиг хэмжээг баримтлан сургалт зохион байгуулагдах хөтөлбөрийн хугацаанд ногдуулан зардлын төсвийг хянаж батлах, сургалтын санхүүжилтийг сургалтанд хамрагдсан иргэдийн ирцийн бүртгэлийг үндэслэн олгож байх.

·         Зөвлөмж-6: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний зардлын жишиг хэмжээг баримтлан аливаа сургалт зохион байгуулагдах хөтөлбөрийн хугацаанд ногдуулан зардлын төсвийг баталж байх, сургалтын хичээлийн хэрэглэгдэхүүн, цайны завсарлагааны зардлыг сургалтанд хамрагдсан иргэдийн ирцийн бүртгэлийг үндэслэн зарцуулж, бараа материалын зарцуулалтын тайлангийн хяналтыг сайжруулах.

·         Зөвлөмж-7: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хөтөлбөр, удирдамжийн шалгуурыг бүрэн хангасан аж ахуй эрхлэгч иргэн, бүлэгт санхүүгийн дэмжлэг, түрээсийн хөнгөлөлт зэргийг олгож байх.